Үндэсний хоккейн лигийн тоглогчид 2018 оны Олимпод оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-04-04 12:25:03

МОСКВА./TASS/. Үндэсний хоккейн лигийн /ҮХЛ/ тоглогчид 2018 оны өвлийн Олимпийн тоглолтонд оролцохгүй, 2017/18 оны улирлын лигийн аварга шалгаруулах тэмцээн Олимпын тоглолт болох хугацаанд завсарлахгүйгээр тасралтгүй явагдана. Энэ тухай ҮХЛ-ийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.

“Өмнө нь бид ҮХЛ-ийн клубүүдийн ихэнх нь 2017/18 оны улирлын тоглолтуудыг завсарлуулахын эсрэг байсан гэдгийг мэдэгдэж байсан, мөн бид Олон улсын Олимпын хороо, Олон улсын хоккейн холбоо, ҮХЛ-ийн тамирчдын холбоо зэрэг байгууллагуудын саналуудыг сонсоход бэлэн байсан гэдгээ хэлж байсан. Гэсэн хэдий ч түүнээс хойш хэдэн сар өнгөрчихөөд байхад ямар ч бүтээлч яриа хэлэлцээ хийгдсэнгүй” гэж уг мэдээлэлд дурджээ.

ҮХЛ-ээс хөгжөөн дэмжигчдийнхээ дунд Олимпод оролцохын тулд лигийн аварга шалгаруулах тэмцээнийг завсарлуулах нь зүйтэй юү, үгүй юү гэсэн санал асуулга явуулжээ. АНУ-д санал асуулгад оролцогчдын 73 хувь нь, Канадад 53 хувь нь АШТ-ийг завсарлуулахын эсрэг санал өгчээ.

1998 оноос хойш ҮХЛ аварга шалгаруулах тэмцээнээ зориудаар түр зогсоон, лигийн тоглогчиддоо Олимпод оролцох боломжийг олгодог байсан юм. Өнгөрсөн хугацаанд ҮХЛ-ийн 706 тоглогч Олимпод оролцжээ.

2018 оны Олимпийн тоглолт 2018 оны 2 дугаар сарын 9-нөөс 25-ны хооронд Өмнөд Солонгосын Пенчан хотод болно.

О.Барс

 

 

 

Холбоотой мэдээ