Шинжаанд эртний хотын туурь олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-03-31 14:52:55

АСТАНА./КАЗИНФОРМ/. Эрдэмтэд хана хэрэм, орон сууцны барилгын үлдэгдэл байгааг Хятад улсын Шинжаан-Уйгарын Өөртөө засах орны нутаг дэвсгэрт орших ширгэж хатсан Лобнур нуурын орчмоос олж илрүүлжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, энэ нь 2000 жилийн өмнө цэцэглэн хөгжиж байсан Лоулань гэдэг эртний баян бүрд-хотын туурь балгас ажээ. Тус хотоос холгүй орших булшнуудаас эрдэмтэд олон тооны оршуулгын эд зүйлс, тухайлбал, модон таваг, зэс толь, сам, даавуу зэргийг олсон байна.

Барилгын материал болгон ашигласан нишингэ болон мөчрийг шинжлэн үзсэн мэргэжилтнүүд тус хот ойролцоогоор манай эриний 2-3 дугаар зуунд баригдсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Эрдэм шинжилгээний ажилтан Ху Синзюний ярьснаар, хотын баруун өмнөд, зүүн хойд хэсэгт байсан өргөөшөө 2,2-2,7 м, өндөр нь 2,5 м хэмжээтэй хананы туурь л өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байна.

Түүний үзэж байгаагаар, эртний энэ хот 300 м-ийн голчтой, дугуй хэлбэртэй байжээ.

Эртний хот 1900 онд Шведийн аялагч Свен Гединий анх нээж байсан Лоулань хотоос зүүн урагш 57 км-т оршдог байна.

Одоогоор эртний хотын балгасны дэргэд байрлах гурван булшинд малталт хийгээд байгаа аж. 

МЭӨ 2 дугаар зуунд Хятадын эзэн хаанд Хүннү улсын хаанаас илгээсэн захидалд Лоуланы хаант улсын талаар дурдсан байдаг ба энэ улс Их Торгоны замын чухал нэгэн боомт байжээ. Хожим нь энэ газар нутаг цөлжиж, бүхэлдээ элсэнд дарагдсаны улмаас Лоулань хот улс бүхэлдээ хаягдаж хоцорсон аж.

О.Барс


 

Холбоотой мэдээ