Улаангом сумын хэд хэдэн багт шар усны үер нүүрлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-29 22:15:58

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом сумын 1-р баг буюу Чандманьд үүссэн шар усны үерийн улмаас тус багийн 540 гаруй айл өрх, 10 гаруй аж ахуйн нэгж, олон улсын чанартай зам усанд автах эрсдэл дунд байгааг бид мэдээлсэн.  Улаангом сумын зөвхөн 1-р баг гэлтгүй  7, 9,10,12-р багийн зарим айл өрхүүд мөн шар усны үерт автаад байна.

Энэ өвөл орсон их цас болон гэр хорооллын айл өрхүүдийн асгасан бохир ус ийнхүү Улаангомын хатуу хөрсөнд шингэж оролгүй шар усны үер болж урсаж байна. Айл өрхүүд хашаандаа хайрга шороо асгаж амь аргацааж байгаа ч гудамжаар урсах шар ус оршин суугчдыг ажил, сургуульдаа явах боломжгүй болтол үерлээд байгаа юм. Хэдийгээр Улаангом сумын ЗДТГ-аас зарим газарт шороо асгаж, боолт хийсэн ч үр дүнд хүрэхгүй байна. Иймээс Улаангом суманд шар усны үерээс хамгаалах далан, гудамж талбайд ус зайлуулах суваг тавихгүй бол хавар шар усны үерт, зун намарт ус ихтэй бороонд автах эрсдэл хүлээж байна.

Шар усны үерээс сэргийлж, аймаг орон нутаг хийгээд Улсын Онцгой комиссоос хүртэл удаа дараа арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан, бямба гарагт аймгийн төвийн 700 гаруй төрийн албан хаагч ажил, амралтаа орхин байж 2100 метр урт суваг, шуудуй татах ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Шар усны үерээс сэргийлэх талаар шуурхай арга хэмжээ авахгүй бол цаашдаа байдал эвгүйдэх янзтай байгаа.

Б.Батхүү

Холбоотой мэдээ