Дэлхийд анх удаагаа өөр хүний зохиомол үүдэл эсийг өвчтөнд шилжүүлэн суулгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-03-29 12:15:26

ТОКИО. /TASS/. Японы эрдэмтэд дэлхийд анх удаагаа хүний зохиомол үүдэл эсийг /iPS/ өөр хүнд амжилттай шилжүүлэн суулгажээ. Энэ тухай Японы байгалийн ухааны “Рикэн” хүрээлэнгээс мэдээллээ.

Уг мэс заслыг Хиого мужийн Кобе хотын анагаах ухааны төвд хийж, донорын iPS эсийг нүдний торлог нь гэмтсэн өвчтөнд шилжүүлэн суулгасан байна. Эдгээр тусгай зохиомол үүдэл эсүүд нь нүдний торлогийг сэргэн төлжүүлэх юм.

Одоогийн байдлаар зохиомол эсүүдийг өвчтөний бие организм хүлээж аваад байна. Ойрын үед Киото болон Осакагийн их сургуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн судлаачдын баг  дахиад таван ийм мэс засал хийхээр төлөвлөжээ.

Япон улсын эрдэмтэн Шинья Яманака үүдэл эстэй холбоотой судалгааг амжилттай хийсний учир 2012 онд Нобелийн шагнал хүртэж байсан ба түүнээс хойш Японы засгийн газар, олон нийтийн зүгээс энэ салбарыг онцгойлон анхаарах болсон юм.

О.Барс

 

Холбоотой мэдээ