Брюсселийн халдлагаас хойш нэг жил өнгөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /TASS/. Яг нэг жилийн өмнө Брюссельд террорист халдлага болж, 32 хүний амь насыг авч одсон билээ. Бельгийн нийслэлд олон арван гашуудлын арга хэмжээ болох бөгөөд тэдгээрт тус улсын хаан, Засгийн газрын гишүүд, Европын Холбооны харьяа байгууллагуудын удирдлагууд оролцоно.
2016 оны 3 дугаар сарын 22-нд “Лалын улс” террорист бүлэглэлтэй холбоотой хоёр амиа золиослогч Брюсселийн олон улсын нисэх онгоцны буудалд өөрсдийгөө дэлбэлсэн билээ. Үүнээс төдий удалгүй өөр нэгэн амиа золиослогч этгээд Европын хороолол дахь метроны буудалд өөрийгөө дэлбэлсэн юм.
Орон нутгийн цагаар 07:58 цагт Брюсселийн нисэх онгоцны буудлын танхимд нэг минут дуугүй зогсч, хохирогчдын дурсгалыг хүндэтгэх юм. Ёслолын арга хэмжээнд Бельгийн хаан Филипп, хатан хаан Матильда болон Ерөнхий сайд Шарль Мишель тэргүүтэй Засгийн газрын гишүүд оролцох ажээ.
10:30 цагт хотын төв гудамж болох Рю де ля Луа-д террорист халдлагын хохирогчдод зориулан босгох хөшөөг нээх ёслол болно. Эл ёслолтой нэгэн зэрэг Европын Комисс, Европын Холбооны Зөвлөлийн байранд нэг минут дуугүй зогсч, хохирогчдын дурсгалыг хүндэтгэх бол хагас цагийн дараа Европын парламентын Брюссель дэх ордонд ийм арга хэмжээ болох юм.
Үд дунд террорист халдлагын золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ Брюсселийн биржийн барилгын өмнө эхэлнэ. Энэ газарт 2016 оны 3 дугаар сарын 22-ны орой тус хотынхон хохирогчид болон тэдний ар гэрийнхэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Биржийн өмнөх талбайд хагас цаг үргэлжлэх ёслолд Брюссель хотын дарга Иван Майер оролцох бөгөөд ёслолын дараа олон нийтийн өргөн зугаалга болох ажээ. Өргөн зугаалгын зорилго нь хотын иргэд террорист халдлагын айдас түгшүүрээс ангижирсан, хэвийн амьдралаар амьдарч байгаа гэдгийг харуулах явдал юм. Үдээс хойш 15:00 цагаас цэцэгт жагсаал Хойд вокзал, Люксембургийн вокзал, Моленбек коммуны байрнаас бирж рүү хөдлөх ажээ.
Террорист халдлагын хэргийг мөрдөн шалгах ажиллагаа одоо болтол үргэлжилж байгаа бөгөөд 9 хүнийг, тэдний дотор хоёр амиа золиослогчийг Брюсселийн нисэх онгоцны буудалд хүргэж өгсөн Мухаммед Абрини-г энэ хэрэгт сэжиглэн саатуулсан хэвээр байна. Бельгийн нийслэлд болсон халдлагыг 2015 оны 11 дүгээр сарын 13-нд Парист хэд хэдэн цуврал халдлага үйлдсэн террорист бүлэглэлийн гишүүд үйлдсэн болохыг цагдаа нар нарийвчлан тогтоожээ.
Уг террорист бүлгийн гишүүд нь Хойд Африкаас Бельгид ирсэн цагаачдын хоёрдахь үеийнхэн байсан ба тэд Францын болон Бельгийн иргэншилтэй, тэдний зарим нь Сирид очиж хэт даврагч лалын бүлэглэлийн талд байлдаж байжээ.
Тэд “Лалын улс” бүлэглэлийн командлал байрладаг Сирийн Ракка хотод байгаа “сургагч багш” нартайгаа цахим мэдээлэл солилцож байсныг цагдаа нар тогтоосон байна.
О.Барс