Асрамжийн газрын хүүхдүүдэд Өвөрмонголоос тусламж үзүүлэв

Орон нутагт | Дорнод
dornod@montsame.mn
2017-03-13 12:57:42

Дорнод /МОНЦАМЭ/. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн иргэн С.Эрчис, Сонор нар Дорнод аймгийн Хэрлэн суман дахь “Анна хоум” асрамжийн газрын хүүхдүүдэд тусламж үзүүллээ.

Тэд өмнө нь Дорнод аймагт хэд хэдэн удаа ирэхдээ энэ хүүхдүүдэд туслах хэрэгтэй юм байна гэдэг бодол өвөрлөж, нутагтаа очсон хойноо Хөлөнбуйр аймгийнхаа иргэдийн дунд хандивын аян өрнүүлж, цугларсан хувцас, ахуйн зүйлс, хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдийн биеэр хүргэж ирсэн юм. Тусламжийн зүйлсийг хүлээж авах үеэр тус төвийн захирал П.Болдсайхан “Аяныг санаачилсан С.Эрчис, Сонор нартаа болон Хөлөнбуйр хотын ард иргэдэд нийт хүүхдүүд, ажиллагсдынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

Одоогоор "Анна хоум" асрамжийн газарт 29 хүүхэд амьдарч байна. Тус төв 11 жилийн хугацаанд 100 гаруй хүүхдийг өсгөж хүмүүжүүлсний нэлээд нь амьдралдаа залгажээ. Дөрвөн хүүхэд Их сургууль болон Дорнод Политехникийн коллежид суралцаж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ