Чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-11 19:07:48

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-наас 19-нд Сайншанд хотноо болно.

Тэмцээнд 2000 оноос хойш төрсөн бөхчүүд оролцох бөгөөд хөвгүүд 30, 34, 38, 42, 46, 50, 54, 58, 63, 69 кг-ийн жингийн ангилалд  барилдах бол охид 38, 45, 50, 56, - 60, 60 кг-ийн жинд хүч үзэж нийт 16 жингийн аваргын төлөө өрсөлдөх юм.

Тус аймгийн Биеийн тамир, спортын газраас  спортын олон төрлийг дэлгэрүүлэн хөгжүүлэх, тэр тусмаа олимпын топ спортын төрлийн нэг чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх, чөлөөт бөхөд хүүхэд, багачуудыг татан оролцуулах, сонирхлыг  нэмэгдүүлэх, улмаар орон нутгаас улс, аймаг, дэлхийд алдар суугаа дуудуулсан шилдэг тамирчин бэлтгэн гаргахад  анхаарал хандуулж ажилладаг аж.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд  амжилттай оролцсон хүүхдүүдээс  2017 оны өсвөрийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах юм.

Дашрамд дурдахад Дорноговь аймгаас Бразилын Рео Дэ Жанейро хотод болсон Паралимпийн тоглолтын хүрэл медальт, Монгол Улсын  гавьяат тамирчин Б.Ууганхүү, Жюү жицү бөхийн дэлхийн аварга О.Болд-Эрдэнэ зэрэг алдартай тамирчид төрөн гарсан билээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ