Шилэн дансны мэдээлэл дутмаг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Монголын нээлттэй нийгэм форумаас хэрэгжүүлж буй "Орон нутагт шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд мониторинг хийх" төслийг Увс аймагт “Сайн тус” ТББ хариуцан хийж байна.
Тус төслийн хүрээнд аймгийн төсөв болон аймгийн ЗДТГ, Дулааны 2-р станц, “Цахилгаан түгээх сүлжээ” компани гэсэн зорилтот дөрвөн байгууллагын шилэн дансны хөтлөлтөнд ажиглалт хийх юм байна. Эдгээр байгууллагууд нь таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээний мэдээллээ тухай бүрт нь шилэн дансны цахим сайтад байршуулж байх ёстой ч аймгийн ЗДТГ одоо хүртэл мэдээллээ оруулаагүй байна. Увс аймаг нь 2015 оноос эхлэн шилэн дансны хуулийг хэрэгжүүлж, бусад аймаг, хотуудад үлгэр жишээ ажиллаж байжээ. Гэтэл сүүлийн үед энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй түвшинд хүрсэн байна.
Энэхүү төсөл нь оны эхний 6 сарын хугацаанд хэрэгжих аж.
Б.Батхүү