Эдийн засгийн хямралд өртөхгүй байх боломж бий гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 19:05:37

Өөрсдөдөө байгаа нөөц бололцоондоо тулгуурлан хамтарч хоршоо бүлэг байгуулах, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн ахуй амьдралаа дээшлүүлснээр эдийн засгийн хямралд өртөхгүй байх боломжой гэлээ. Энэ жишээг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын хэсэг бүлэг иргэдийн үйл ажиллагаа тод харуулж байна.

Жавхлант сумын малчид болон иргэд бүлэг болон нийлж “Бумбат” таван богд хоршоо байгуулжээ. Тус хоршооныхон сүү, цагаан идээгээ боловсруулан сүү, сүүн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эднийх 310 өрхийг хамруулсан 163 мянган толгой малтай, дотроо 9 бүлэгтэй, бүлэг бүр өөрсдийн аж ахуйгаа эрхэлж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Тус хоршооны 9 бүлгийн нэг “Баянбуурал” бүлэг гэхэд 19 төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн цагаан идээ, бууз, банш үйлдвэрлэн аймгийнхаа болон Дархан-уул аймгийн зах зээлд нийлүүлж байгаа аж.

Тус бүлгийн ахлагч Б.Оюунчимэг “”Манай бүлгийн хувьд 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж, малчин мал бүхий 15 өрхөөс сүү цагаан идээгээ авч дөрвөн хүнийг үндсэн ажлын байраар ханган тогтмол үйл ажиллагаа явуулж, аймагтаа болон Дархан-Уул аймгийн зах зээлд борлуулалт хийж, жилдээ 60 сая төгрөгийн орлогтой ажилладаг” гэлээ.

Ийнхүү иргэд өөрсдөө зах зээлээ судлан, өөрсдөдөө байгаа нөөц бололцоондоо тулгуурлан хамтран хоршоо, бүлэг байгуулан өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн, өөрсдийнхөө болон олон өрхийн амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн хямралд өртөхгүй байх боломж байгаа гэдгийг тэд ийнхүү нотолж байна.    

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ