“Жульетта”-гийн дүрийг залуу жүжигчин Г.Номуун бүтээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-06 11:46:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчдийн энэ сард үзэгчдэд толилуулж буй “Сонгодог жүжгийн өдрүүд” өнөөдөр Английн алдарт зохиолч У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр эхэлнэ.

Энэхүү сонгодог жүжгийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гурван өдөр тоглох юм.

Тус жүжгийг Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар 2015 онд шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Жүжгийн гол дүр Ромеод залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад О.Дөлгөөн нар дүр бүтээсэн бөгөөд жүжигчин О.Дөлгөөн гэр бүлийн хамт гадаад явсан учир гол дүр Жульетад дахин сонгон шалгаруулалт зарлахад театрын залуу жүжигчин Г.Номуун шалгарчээ.

2013 оноос эхлэн театрын жүжигчнээр ажиллаж эхэлсэн тэрээр “Үнсгэлжин” жүжгийн гол дүрээс гадна “Ромео Жульетта”-гийн Монтекки хатагтай, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шива гүнжийн дүрээрээ үзэгчдэд танил болсон. Түүний хувьд "Гэгээн муза- 2016" наадмаас нэг хүний жүжгийн төрлөөр шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм.

Энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд Софокл “Эдип”, Г.Ибсен “Нора”, М.Сервантес “Кихот ноён”, У.Шекспир “Гамлет”, В.Хюго “Парисын дарь эхийн сүм” жүжгийг тус тус үзэгчдэд хүргэх юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ