2018 гэхэд хөлбөмбөгийн олон улсын оюутны лигийг байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-02-14 12:59:04

МОСКВА. /TASS/. Олон улсын оюутны спортын холбоо /FISU/ болон Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ хамтран 2018 он гэхэд хөлбөмбөгийн олон улсын оюутны лигийг бий болгохоор төлөвлөж байна. Энэ тухай FISU-гийн тэргүүн Олег Матыцин мэдээллээ.

Үүнээс өмнөхөн тэрбээр хэлэхдээ "энэ асуудлаар FIFA-тай идэвхтэй яриа хэлэлцээ хийж байгаа" гэж мэдэгдэж байсан юм.

“Бид FIFA-тай зөвлөлдөж, хэлэлцээ хийж байгаа ба одоо бид төслийг боловсруулах шатандаа явж байна. Улмаар түүнийгээ тивүүдийн холбоодод танилцуулж, тэдэнтэй зөвшилцөнө. Үүний дараагаар уг төслийг хэзээ хэрэгжүүлж эхлэхийг эцэслэн шийдэх болно. Бид 2018 он гэхэд үүнийг эхлүүлсэн байх зорилтыг тавьсан” гэж Матыцин ярьжээ.

“Төслийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх нь нэлээд их цаг хугацаа шаарддаг ажил юм, учир нь төслийг эхлээд үндэсний хэмжээнд, дараа нь тивийн, дараа нь эцсийн шатанд боловсруулах шаардлагатай байдаг. Одоогоор дэлхийн цомыг зохион байгуулахад хэрэглэдэг загвартай адилхан болж байгаа боловч бид уг загварыг бүхэлд нь хуулбарлах бодолгүй байна. Учир нь, улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчид тивийн тэмцээнд оролцож, улмаар тив тус бүрийн квотоос хамааран FISU-гийн эцсийн шатанд өрсөлддөг байх юм” гэж Матыцин тайлбарлалаа.

О.Барс

 

 

 

Холбоотой мэдээ