50 сая еврог зөвхөн хөдөө аж ахуйн салбарт зарцуулахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-08 17:15:16

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Уг хэлэлцээрээр Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийн санхүүжилтэд зориулж Польшоос 50 сая евро зээлэх юм. Зээлийн хүү жилд 0.15 хувь бөгөөд төлөх хугацаа 28 жил. Зээлээр хэрэгжүүлэх төслийг Польш улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэх аж. Уг асуудлыг УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, “Энэ зээлээр ямар төсөл хэрэгжүүлэх вэ” хэмээн тодруулав. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, “Одоогоор ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ ярилцаж, Польшийн талаас авч болох бараа бүтээгдэхүүний талаар судалж байна. Хэрэгжүүлэх боломжтой төслүүдэд долоон аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, хөдөө аж ахуйн трактор угсрах үйлдвэр, жимс, хүнсний ногоо барих орчин үеийн агуулах барих зэрэг багтаж байна” гэв.

Байнгын хороон дарга Ж.Энхбаяр, Энэ төслийн хүрээнд Польшийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэх тул хэлэлцээрийг дэмжих хэрэгтэй гэсэн санал хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Сү.Батболд нар “Зээлийг олон салбарт тараах нь үр дүнгүй байдаг. Тиймээс зээлийн хөрөнгийг зөвхөн хөдөө аж ахуй салбарт зарцуулах хэрэгтэй” хэмээв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, зээлийн хэлэлцээр байгуулахыг Засгийн газарт зөвшөөрөв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ