Хэнтий аймаг дахь МСҮТ эко сургууль болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-08 16:49:08

Хэнтий аймаг дахь МСҮТ нь 2017-2020 оны шинэ стратеги төлөвлөгөөгөө боловсруулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангасан жил болгож, “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” хөтөлбөрийг хэрэгжүүлэн “эко сургууль” болох зорилтыг тавьжээ.

Энэ хүрээнд ойн мэргэжлийн үйлдвэр сургалтын баазтай болох, газар тариалан, мал аж ахуйн нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх зорилтыг төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Тус төвөөс сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулж, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргаж, аймгийн удирдлагууд, Төрийн болон ТББ, мэргэжлийн холбоод, түншлэгч байгууллагуудын 100 гаруй төлөөлөгчдийг урьж, “Түншлэл-2017 өглөөний цай” уулзалтыг саяхан зохион байгуулав.

Уулзалтаар сургуулийн өнөөгийн байдал, шинэ онд ямар бодлого, төлөвлөгөөтэй ажиллах талаараа сургуулийн захирал Г.Нямхатан танилцуулж, мөн ажил олгогч нартай санал бодлоо солилцон, ямар мэргэжил, ур чадвартай ажилтан бэлтгэж гаргуулах хүсэлтэй байгаа талаар ярилцлаа. Мөн Хэнтий аймаг дахь МҮСТ-тэй ямар харилцаа холбоотой байх болон цаашид хэрхэн хамтран ажиллах хүсэлтэй байгааг мэдэх, төгсөгчдийн мэргэжлийн ур чадвар болон төлөвшлийн талаар сэтгэл ханамж хэр байгааг тодруулах зорилгоор уригдаж ирсэн зочдоос санал асуулга авсан байна. Үүнээс дурдвал:

-18-аас дээш насныханд мэргэжлийн зэрэг олгох, ур чадвартай насанд хүрэгчдийг мэргэжлийн зэрэгтэй болгох

-Дадлагажуулах хүүхдүүдийн гэрээг ажлын байртай уялдуулан боловсронгуй болгох

-Хүүхдийг мэргэжилдээ дуртай болгон төлөвшүүлэх гэх мэт олон саналуудыг оролцогчдын зүгээс гаргажээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ