ВВС: Бөхөн гөрөөс устаж үгүй болох аюулын ирмэгт

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-02-08 12:55:41

ЛОНДОН. /ВВС/. Монголд 2000 гаруй бөхөн гөрөөс бог малын мялзан төст өвчнөөр үхээд байна. Энэ өвчний улмаас нэн ховордсон амьтдын тоонд ордог бөхөн гөрөөс устаж үгүй болох аюул нүүрлэжээ.

Монголын баруун аймгуудад ажилласан Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн /ЗАХН/ мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр, энэ өвчин нь малаас бөхөн гөрөөст халдварлажээ.

ЗАХН-ийн захирал, доктор Ш.Энхтүвшин ВВС телевизэд ярилцлага өгөхдөө “2500 бөхөн гөрөөс үхээд байна” гэв.

Өвчний тархалт газар авахаас урьдчилан сэргийлэх үүднээс бөхөн гөрөөсийн сэг зэмийг шатааж байгаа аж.

Хурдацтай тархалт

Судлаачид өвчний тархалтыг “түгшүүр” гэж тодорхойллоо.

Ш.Энхтүвшин хэлэхдээ “мялзан өвчин бөхөн гөрөөст халдварласан анхны тохиолдол энэ оны нэгдүгээр сарын 2-нд бүртгэгдсэн” гэв.

Мялзан өвчин бөхөн гөрөөснөөс гадна янгир болон аргаль зэрэг амьтдад халдварлаж болзошгүй гэж тэрбээр хэллээ.

1.5 сая цагаан зээр Монголын зүүн нутагт нүүдэллэн амьдардаг аж.

Хэрвээ энэ өвчин зүүн аймгуудад тархвал цагаан зээр олноороо үхэж үрэгдэхэд хүрч, эдийн засгийн хохирол учирч, экологийн гамшиг нүүрлэнэ гэж судлаачид санаа зовниж байна.

Мялзан өвчин тархсан бүсийн хонь, ямаа болон бусад малыг вакцинжуулсан гэж ЗАХН-ийн Ази дахь Зэрлэг ан амьтны эрүүл мэндийн хөтөлбөрийн малын эмч, доктор Аманда Файн хэлээд “бөхөн гөрөөс амьдардаг бүс нутгийн мал сүргийг төдийгүй бусад газрын малыг вакцинжуулах шаардлагатай” гэв.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ