Египетэд аварга том матрын муми олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-02-08 12:06:20

КАИР./TASS/. Египетийн хойд нутгийн Кена мужид археологийн малтлага хийж байсан эрдэмтэд эртний Египетийн Себек бурхны бэлгэдэл болох 4 м урт матрын муми олжээ.

Энэ олдворын талаар тус мужийн эртний олдворын газрын дарга Айман Ханди мэдээллээ.

Энэхүү маш ховор олдворыг эрдэмтэд Нил мөрний зүүн эрэгт орших Наг-Хаммади районд хайгуулын хийж байх үеэрээ олжээ. Энэ нутагт орших Хамердум уулын хажуу хөндийд олон мянган жилийн өмнө фараоны ойрын төрлийн ихэс дээдсийн оршуулга, түүнчлэн эртний Египетийн гол бурхдад зориулан босгосон хэд хэдэн дугана байдаг ажээ.

Наг-Хаммадид явуулсан малтлагын явцад археологчид 1,2 метрийн урттай хэд хэдэн занданшуулсан матар олсон байна. Эдгээрийг болон зарим нэг жижгэвтэр амьтдын толгойг нь эртний египетчүүд шүтдэг байжээ. Үүнээс гадна, занданшуулахад ашигладаг тусгай багаж хэрэгсэл, мөн муминүүдыг ороож байсан хуйлаастай маалинга олджээ.

Кена мужаас олдсон муминүүд нь юугаараа хосгүй үнэтэй зүйл вэ гэвэл, энэ бүс нутгаас анх удаагаа Себек бурхны бэлгэ тэмдэг болсон занданшуулсан матар олдсон явдал юм. Айман Хандигийн ярьснаар, Наг-Хаммадигийн оршин суугчид дээрх бурхан энд огт байгаагүй гэж үздэг төдийгүй Себек бурханд зориулан босгосон дугана байдгийг хүртэл үгүйсгэдэг байсан аж.

Матрын муминүүд нь фараоны хаанчлалын яг аль үед нь хамаарах, мөн орчин цагийн Египет улсын өмнөд нутгийн энэ хэсэгт Себек бурхныг шүтэн мөргөх нь хэр түгээмэл байсан бэ гэдгийг тогтоохын тулд эрдэмтэд олдворуудыг нарийвчлан судалж байгаа ажээ.

Энэ бурхныг Нил мөрний ус, үерийн лус гэж үздэг байсан ба зурахдаа матрын толгойгоор дүрсэлдэг байжээ. Эртний египетчүүдийн үзэж байснаар, Себек бурхан нь харанхуйн хүчийг хөөж, хүмүүс болон лус савдгуудыг харын хүчнээс хамгаалдаг аж. Эртний Египетийн, мөн түүнээс хожуу үе болох Птолемеевийн угсаа залгамжилсан хаадын эрин үед матрын шүтээний төв нь одоогийн Асуан хотоос хойш 50 км-т орших Ком-Омбо гэдэг газарт байх дугана байжээ. Дуганын суурь нь Тутмос III хааны /МЭӨ 1479-1425 он/ Шинэ хаант улсын 18 дугаар фараоны цаг үед хамаардаг байна. 

О. Барс

 

 

 

Холбоотой мэдээ