Үйлдвэрийн төмрийн үртэстэй холбоотой гомдол гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:17:44

Засаг даргын захирамжийн дагуу ган хайлуулах “Бэрэн металл” ХХК-ийн үйлдвэрлэлийн явцаас гарч буй үнэр, төмрийн үртэс, дуу чимээ оршин суугчдад хэрхэн нөлөөлж байгаа талаар судалж байна. Учир нь өнгөрсөн хавар тус үйлдвэрийн орчимд амьдардаг 130 гаруй өрхөөс дээрх шалтгааны улмаас хэд, хэдэн гомдол гаргасан юм.

Гомдлын дагуу холбогдох яам нь “Бэрэн металл” ХХК-ийн үйл ажиллагааны талаар судалгаа хийсэн ч нарийвчилсан үнэлгээг гаргаагүй өдий хүрсэн юм. Иймд Орхон аймгийн Засаг дарга захирамж гаргаж уг судалгааг дуусгах, иргэдийг мэдээллээр хангах зорилгоор ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдана. 

“Бэрэн металл” ХХК нь Говил багт байрладаг. “Үйлдвэр технологийн паркийн тухай” хуулийн дагуу эл газрыг эзэмшиж байгаа. Гэвч ойр орчимд нь амьдрах иргэд гомдол гаргасаар байна. Говил баг нь үйлдвэрлэлийн бүсэд харьяалагддаг тул иргэнд газар өмчлүүлэхээс татгалздаг. Гэхдээ дээрх 134 айл нь хашааны газраа өмчлөөд удаж байгаа бөгөөд суурьшлын бүс бий болгосон юм. Иймд Засаг даргын захирамжаар бүрдсэн ажлын хэсэгт Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн багтжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд