“Оюутан цагдаа”-гийн эргүүлийн ажилтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-01 22:25:41

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шалгаж заавар чиглэл өгөх ажлыг зохион байгууллаа.

Их, дээд, Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд иргэд, оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 86, 111 дүгээр тогтоолоор “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа”-гийн эргүүлийн ажиллах журмыг баталсан юм. Үүний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн Тэргүүн Г.Эрдэнэбат тэргүүтэй ГХУСАЗЗ-ийн гишүүд ШУТИС-ийн Дархан Технологийн сургууль болон Уул уурхай, Эрчим хүчний политехникийн коллежийн “Оюутан цагдаа” эргүүлийн ажилтай газар дээр нь танилцлаа. Дархан Технологийн сургууль нь “Оюутан цагдаа” эргүүлийг “Хангалтгүй” явуулж байна гэж дүгнэв. Учир нь тус сургуулийн Захиргаанаас “Оюутан цагдаа” эргүүлийн хувцас хэрэглэлийг шийдэж өгөөгүйн улмаас оюутнуудад эргүүл хийх боломж бүрдээгүй байна. Харин Уул уурхай, Эрчим хүчний политехник коллеж нь өнгөрсөн оны 11 дүгээр 26-наас эхлэж нийт 28 удаагийн эргүүлийг ажиллуулж ажиллах журмын хэрэгжилтийг бүрэн хангасан гэж үзлээ. Тус сургууль нь нийт 759 оюутантайгаас 264 оюутан нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Оюутны эргүүлийг ажиллуулж эхэлснээс хойш хэрэг зөрчил огт гараагүй гэж тус коллежийн захирал Ш.Мөнгөндуулга ярилаа. 

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн Тэргүүн Г.Эрдэнэбат хэлэхдээ: “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” эргүүлийн журамд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын хэлэлцүүлгээр дамжуулж иргэдийн саналыг тусгаж ГХУСАЗЗ-ийн хоёр  удаагийн хурлаар хэлэлцүүлж улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт болж батлагдсан. Тогтоолын хэрэгжилтийг хангаснаар “Хүүхдийг хүүхдээр нь хүмүүжүүлэх” замаар “Бие хүн” болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой” гэв. 

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ