Ховд аймгийн нийт бэлчээрийн даац дундаас доош түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-30 12:02:35

Ховд аймагт хийсэн бэлчээрийн фотомониторингийн судалгаагаар аймгийн нийт бэлчээрийн газрын даац 2- 3 дахин хэтэрсэн ба дундаас доош түвшинд хүрсэн мэдээлэл гарчээ.

Бэлчээрийн даац ингэж хэтэрч, доройтож байгаатай холбогдуулан малчдыг бэлчээрийн газрыг хамгаалж, сэлгээний системд оруулах, бэлчээр ашиглалтын хэсгийн гэрээ байгуулах зэрэг ажил хийж байгаа бөгөөд энэ ажил  аймгийн хэмжээнд 80 хувьтай байна.

Дээрх ажлыг хийхдээ Ховд аймгийн нийт нутаг дэвсгэрт 171 фотомониторингийн цэг байгуулан ажиллажээ.

Ховд аймгийн нийт сумдын  бэлчээрийн чадавхийн зураг аймгийн 16 сумын  дөрвөн  улирлын сэлгээний зургийг баг тус бүрээр 79 зурагжуулан, малчдад бэлчээрийн газрыг  хамгаалах гэрээ байгуулан ажиллаж байна.

Бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн сумдад Чандмань сумын Сүлжээ, Баянхайрхан,  Зэрэг сумын Эхэн, Манхан сумын Баянгол, Дарви сумын Булаг, Буянт сумын Цагаанбургас багийн   нутаг бэлчээрийн  даац 3-5 дахин хэтэрсэн байна.

Сум багийн дүнгээр  авч үзвэл: Зэрэг сумын Бургасан, Мянгад сумын Цагаан булан, Баянбулаг, Дөргөн сумын Агваш, Зэрэг, Мянгад, Дөргөн, Булган, Үенч, Дарви, Мөст, Чандмань, Дуут, Эрдэнэбүрэн, Алтай, Манхан сумдын сумын төвийн багуудын нутаг  бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.                                                                                                      

Даац их хэмжээгээр хэтэрсэн сумдад Чандмань сумын Сүлжээ, Баянхайрхан,  Зэрэг сумын Эхэн, Манхан сумын Баянгол, Дарви сумын Булаг, Буянт сумын Цагаанбургас багийн   нутаг бэлчээрийн  даац 3-5 дахин хэтэрсэн байна.

Дуут сумын Цагаанбургас, Хөх бэлчир, Шивэр, Чандмань сумын Тахилт, Талын булаг, Манхан сумын Улаан хүрээ, Мөст сумын Баянхайрхан, Үенч сумын Нарийн гол, Булган сумын Баянсудал, Баянгол, Алагтолгой багуудын нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан дүнтэй байна.

Харин бусад сумдын нутгаар бэлчээрийн даац хүрэлцээтэй ба бага хэмжээний нөөцтэй гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл нутгийн 70 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна.

Ховд аймгийн хэмжээнд бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон-Алт"төслийн хүрээнд Бэлчээрийн ашиглалтын нөлөөллийг фото мониторингийн аргаар хянах ажил эхлүүлээд байна. Улсын хэмжээнд бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх журам батлагдан, Ховд аймагт өнгөрсөн оноос хийгдэж эхэлсэн байна.

 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ