Залуусыг ажлын байтай болгох талаар ярилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-17 01:15:08

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан ажилгүйчүүдийг ажлын байраар хангахаар хийж байгаа эрлийнхээ талаар олон түмэндээ мэдээллээ.

ИТХ-ын дарга нийт аймгийн удирдлагуудын хамт Засгийн газарт болсон цугларалтад оролцоод, хажуугаар нь яамдын удирдлагуудтай уулзан асуудал тавьсаны дараа ажлын байр бий болгох зорилгоор Оюутолгой, Таван толгойн ажилтай танилцаж тэдний удирдлагатай санал солилцон, зарим асуудлаар тохиролцсон тухай ярилаа.

Тус аймагт малыг гадаадад амьдаар нь гаргахгүйгээр түүхий эдийг нь боловсруулж экспортлах, нарны эрчмээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, ашигт малтмал олборлох боломж байгааг дурдаад, ажилгүйчүүдээ томоохон орд газруудад уурхайчнаар, хөрс нь үржил шимтэй газруудад тариаланчаар илгээн ажиллуулах боломж байдаг юм байна. Томоохон уурхайнуудад эрэлт ихтэй байгаа эксковаторчин бэлтгэх нь чухал гэдгийг мөн хэлээд ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар хангалтгүй байгаад гадныхны судалгаа шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулахаар болсноо дурдлаа.

Түүнчлэн 55-60 насанд хүрсэн албан хаагчид өндөр насны тэтгэвэртээ гарч, халаагаа ажилгүй яваа залуу мэргэжилтнүүдэд өгөхийг анхааруулсан гэнэ. Учир нь тус аймагт 10 гаруй мянган залуу ажилгүй, тэдний тал орчим хувь нь дээд боловсролын дипломтой хууль эрх зүй, багш, эдийн засагч мэргэжилтэй хүмүүс байгаа ажээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ