Яриа хэлцээ хийх хэрэгтэйг Нобелийн шагналын эзэд онцлов

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-16 14:58:07

ТУНИС. /NHK/. Энх тайван тогтооход яриа хэлцээ ач холбогдолтой болохыг энэ жилийн энх тайвны Нобелийн шагналын эзэд онцолжээ.

Тунисийн “Үндэсний яриа хэлцээний дөрвөл” бүлгийн төлөөлөгчид өчигдөр Парис хотод Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиустай уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурал зарлажээ.

Нобелийн Энх тайвны шагнал хүртэх болсондоо итгэж өгөхгүй байна гэж Тунисийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Фадель Махфуд мэдэгдсэн байна.

Хүч ашиглахаас урьтаж, яриа хэлцээ хийх шаардлагатай гэсэн мессэжийг энэ шагнал Тунисийн хөрш орнууд болон Ойрхи Дорнодын ард иргэдэд илгээсэн гэж тэрбээр мэдэгдэв.

Ядуурал, ажилгүйдэл, терроризм байгаа цагт ардчилал тогтвортой байж чадахгүй гэж Тунисийн Хүний эрхийн холбооны ерөнхийлөгч Абдессатар Бен Мусса хэлжээ.

“Арабын хавар” хувьсгалт хөдөлгөөн эхэлсэн Хойд Африкийн орнуудад ардчилал тогтооход оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Тунисийн “Үндэсний яриа хэлцээний дөрвөл”-д энх тайвны Нобелийн шагнал олгохоор болжээ. Тунисийн бүх нийтийн хөдөлмөрийн холбоо, Тунисийн хүний эрхийн холбоо, Тунисийн үйлдвэр, худалдааны холбоо, Тунисийн өмгөөлөгчдийн холбоо гэсэн иргэний нийгмийн дөрвөн гол байгууллага уг бүлгийг бүрдүүлдэг байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ