Өрхийн эмч нар өдөр бүр 22 цаг хүртэл үзлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-12 20:12:40

Баянхонгор аймгийн хэмжээнд он гарсаар томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан энэ сарын 05-наас эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар Нэгдсэн эмнэлгийн амбулаторт өдөр бүр ажлын бус цагаар буюу 18-22 цагийн хооронд үзлэг хийж байна. Ачааллаас харгалзан амралтын өдрүүдэд ч ажиллаж байгаа аж.

Мөн аймгийн Эрүүл мэндийн газраас тав хүртэлх насны хүүхдэд томуу, томуу төст өвчний үед хөнгөлөлттэй олгох доорх нэрийн эмийг танилцуулаа. Тус эмнүүдийг харьяа өрх, сум, тосгон, багийн эмчийн бичсэн жорын дагуу, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм олгох зөвшөөрөлтэй эмийн сангаас авч болох юм байна. Уг эмийн хөнгөлөлтөд 5 хүртэлх нас хүүхдүүд хамрагдах бөгөөд өвдсөн хүүхэд бүрт антибиотикийг хэрэглэхгүй, зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн заалтын дагуу жороор олгох гэнэ.

Иргэд хүүхдэдээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ хандаж, шаардлагатай тохиолдолд дээрх эмнүүдээс тусгай жорын цаасан дээр бичүүлж авах юм байна. Түүнээс гадна томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрүүлэхгүй байх үүднээс хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, дулаан байлгах, шингэнийг ойр ойрхон уулгах, илчлэг хоол хүнс хэрэглэх, гарын ариун цэврийг сайтар сахих, эмийг эмчийн зааврын дагуу өгөх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийхийг нийт эцэг эхчүүдэд зөвлөлөө.

                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ