Иран Сири рүү хэдэн мянган цэрэг илгээжээ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-16 10:57:10

ДАМАСК. /NHK/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг эсэргүүцэгч хүчинтэй тэмцэх зорилгоор Иран хэдэн мянган цэргээ илгээж байна гэж тус улсын Засгийн газрыг эсэргүүцэгч идэвхтэн мэдэгдэв.

Асадын Засгийн газрын холбоотон болох Иран “Хувьсгалт гвард”-ынхаа хэдэн мянган албан хаагчийг Сири рүү илгээсэн бөгөөд тэд Алеппо болон бусад газарт тус улсын Засгийн газрыг эсэргүүцэгч хүчинтэй тулалдаж байна гэж тэрбээр мэдэгджээ.

“Хувьсгалт гвард”-ын тусгай ажиллагааны анги нэгтгэлийн командлагч цэргүүдийнхээ ёс суртахууныг нэмэгдүүлэхийг оролдож буй бичлэг цахим хуудсанд лхагва гарагт нийтлэгдсэн байна.

Сөрөг хүчин болон “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа Асадын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ОХУ өнгөрсөн сард Сирид агаараас цохилт өгч эхэлсэн билээ.

ОХУ агаараас, Иран хуурай замаар Асадын хүчинд дэмжлэг үзүүлж байна гэж идэвхтэн хэлсэн байна. Харин Ираны Засгийн газар, бид цэргийн зөвлөхүүдээ л Сири рүү илгээсэн гэж мэдэгджээ.

Гэвч Иран олон тооны цэргээ Сири рүү илгээж, ОХУ-ын агаарын цохилттой ажиллагаагаа хавсаргаж байгаа нь одоо илэрлээ.

Ираны энэ алхам нь Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийг дэмждэг Өрнөдийн орнуудыг улам түгшээх төлөвтэй байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ