Ж.Эрдэнэбат: Засгийн газар зуух, нүүрс тарааж утаатай тэмцэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-09 18:39:11

Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-тэй танилцсаны дараа Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаныхан Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Ц.Донжавынд очсон юм.

Эднийх 2010 оноос эхлэн “Өлзий зуух” хэрэглэж буй аж. Өрхийн тэргүүн  Ц.Донжав ярихдаа, “Өлзий зуух нь ердийн зуухтай харьцуулбал утаа бага гаргадаг. Түлш бага хэрэглэдэг ч, хоол цайгаа зуухан дээр хийх боломжгүй учир цахилгаан зуух ашиглаж байна. Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнийг дэмжиж байна” хэмээн онцлов.

“Өмнөх жилүүдэд утаа бууруулахын тулд 130-140 мянган тэрбум төгрөг зарцуулсан  хэдий ч буураагүй. Магадгүй шөнийн тарифаа эрт тэглэсэн бол илүү үр дүнтэй байж болох талтай. Засгийн газрын зүгээс  түлш, зуух бус бусад олон төрлийн бүтээгдэхүүнээр утааны асуудлыг шийдэхээр хичээж байна. Шөнийн тарифыг тэглэхээс гадна хөдөө орон нутагт шилжин суурьшихыг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, орон сууцжуулах ажлыг  хийнэ. Түүнчлэн Улаанбаатар руу түүхий нүүрс оруулахгүй байх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөсөн” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тодотголоо.

Мөн тэрээр "Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо" технологийн үзэсгэлэнд байсан цахилгаан халаагуурыг танайд туршъя. Та бүхэн сар ашиглаад ямар үр дүн гарсныг  хуваалцаарай гэв.

 Үүний дараа Баянзүрх дүүрийн II хорооны иргэн Х.Билгүүний 2011 онд тавиулсан шалны халаалтын үр дүнтэй танилцсан юм.

“Манайх 2011 оноос өмнө нам даралтын зуух ашиглаж байсан. Тухайн үед өдөрт гурван шуудай нүүрс түлж, сардаа 300 гаруй мянган төгрөг зарцуулдаг байв. Шалны халаалт тавиулснаас хойш түлээ, нүүрсний мөнгө гэхээ больсон. Өрөө өрөөндөө халаалтын тохируулгатай, цахилгаанаа хэмнэх боломжтой. Сарын цахилгааны хэрэглээ дунджаар 60-70 мянга орчим төгрөг болдог. Өдөртөө халаагуурыг асаадаггүй, зөвхөн шөнө л ажиллуулдаг бөгөөд орой ирэхэд гэр дулаан байдаг. Шалны халаалт тавиулснаас хойш орон сууцтай адил тохилог орчинд  амьдарч байна. Манай хамаатныхан бүгд  шалны халаалттай болсон” хэмээн Баянзүрх дүүрийн II хорооны иргэн Х.Билгүүн ярилаа.

Мөн үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газраас цахилгаан дулааны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэх, цахилгаан станц барих төслүүдийг урагшлуулж эхлүүлнэ. Түүнчлэн гэр хорооллын иргэдэд халаалтын системийг бүрэн ашиглуулахын тулд  зээлд хамрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Шинэ Засгийн газар зуух, нүүрс, түлш тарааж утаатай тэмцэхгүй, шинэ технологи, цахилгаан халаагуурын төхөөрөмжүүдийг нэвтрүүлнэ” хэмээв.

 Б.Заяа

Холбоотой мэдээ