Иргэдийн санал хүсэлтийг төлөөлөгчдөөр дамжуулан авдаг тогтолцоог нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага 2017 онд хийж хэрэгжүүлэх олон ажил санаачлан төлөвлөжээ.
Тухайлбал хурлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох, иргэдийнхээ дуу хоолойг төлөөлөгчдөөр дамжуулан авдаг тогтолцоо бий болгох, оюуны спортыг хөгжүүлэх, оюунлаг Хэнтийчүүдийг бий болгохын төлөө бодлого баримталж ажиллах юм байна.
Тус аймгийн ИТХ өнгөрсөн 5 сарын хугацаанд аймгийн ИТХ-ын хуралдааныг 3 удаа, Тэргүүлэгчдийн хуралдааныг 10 удаа хуралдуулж, Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн зорилт-2026, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталжээ. Мөн 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ тодорхойлж, орон нутгийн хөгжлийн сангаар хийх бүтээн байгуулалтын ажлын төсөв хөрөнгийг батлах зэрэг аймгийн хэмжээнд тулгамдаж буй олон шийдвэрийг гарган ажиллажээ.
Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд аймгийн удирдлагууд бүх суманд ажиллаж, 18 сум, 1 хот, 3 тосгоныг хамруулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүсчилсэн зөвлөлгөөн, шинээр сонгогдсон сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын ажил хэргийн уулзалт, аймгийн болон Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн сургалтыг зохион байгуулсан аж.
Д.Одонтунгалаг