Хамтран ажиллах талаар зөвшилцлөө

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-01-07 23:39:46

Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ж.Мөнхсоёл өнөөдөр /энэ сарын 7-ны өдөр/ аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Байнгын оршин суугч 30 мянга гаруй иргэн, түр оршин суугч 4186 гэгдэх хэдий ч хөдөлгөөнт хүн ам олонтой Баянхонгор хотын хувьд иргэдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, хулгай, дээрмийн гэмт хэргийг бууруулах зэрэгт анхаарал хандуулж байна.

Тиймээс ч иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж, аюулгүй хот болоход засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд оршин суугчдын хамтын ажиллагаа оролцоог сайжруулах зайлшгүй шаардлагатайг аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Баярням, Замын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Эрдэнэ нар уулзалтын үеэр онцолсон юм.

Цаашид баг бүрийг гэрэлтүүлэгтэй болгох, гудамжийг иргэдийн оролцоотой камержуулах, Олон нийтийн цагдааг чадамжтай хүнээр сонгож ажиллуулах зэрэг 10 гаруй асуудал дээр аймгийн Цагдаагийн газар, Баянхонгор сумын засаг захиргааны байгууллага харилцан уялдаатай ажиллах тухай зөвшилцлөө.

                                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ