Төв аймагт 130 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-07 00:23:04
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд 131 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 200 гаруй өрхийн буюу бичил бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж байна.

Жижиг дунд бизнес эрхлэгчид арьсан бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүн, оёмол, цахилгаан хэрэгсэл, сав, баглаа боодол, дахин боловсруулах барилгын материал, модон эдлэл, гурил болон махан бүтээгдэхүүн, ус, ундаа зэрэг 11 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Төв аймгийнхаа иргэдэд болон бусад аймаг хот суурин газар нийлүүлдэг байна.

Тэдний нэг нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа өндөр настан, Зуунмод сумын иргэн Ж.Далайхүү юм. Өдгөө 75 настай тэрээр жилийн гурван улиралд хоёр хүлэмжид бүх төрлийн нарийн ногоо болон төмс тарьж дарж нөөшлөхөөс гадна хоёр төрлийн жимс тарьж чанамал гаргаж авдаг бүтээлч хөдөлмөрч настан аж. Ж.Далайхүү анх 2003 онд тэтгэвэрт гарсан цагаасаа хойш 14 дэх жилдээ өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд жилдээ хоёр тн ургац хураадаг ажээ. Хураан авсан хүнсний ногооныхоо нэг тонныг өөрийн хэрэгцээндээ илүү гарсан нэг тонныг нь Зуунмод сумынхаа иргэдэд хямд үнээр нийлүүлдэг байна.

Дашрамд дурдахад, энэ жил аймгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин мөнгөний гадагш урсгалыг зогсоох бодлого баримталж байгаа бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгчдээ төр засгаас олон талаар дэмжиж эхэлсэн гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал онцолсон юм.  

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ