Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн Хэнтийнхнээс туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-06 18:57:16

Нийслэлийн Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Төгсийн ахалсан бүрэлдэхүүн Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцан туршлага судлаад буцлаа.

Арга хэмжээний хүрээнд Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас байгууллагын тогтмол хийж хэвшсэн болон шинэ тутам хэрэгжүүлж байгаа онцлог, туршлага болох ажлуудыг танилцуулж, хил залгаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэс хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Хурандаа Т.Төгс ярихдаа “Багануур дүүргийн хувьд Улаанбаатар хотын дүүрэг гэж явдаг боловч хотоосоо алслагдсан, хөдөө орон нутгийн шинж чанарыг агуулсан гэдгээрээ онцлогтой, Төв болон Хэнтий аймагтай хил залгаа оршдог. Хэнтий аймагтай нутаг дэвсгэрийн хувьд, гарч буй гэмт хэргийн хувьд (ялангуяа малын хулгайн гэмт хэргийн хувьд) хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгардаг. Тиймээс хамтын ажиллагаагаа сайжруулах, нутаг орны хувьд Багануур, Хэнтий гэж ялгаж салгахгүйгээр ард иргэддээ үйл ажиллагаагаа хүргэх, хамтарч ажиллах тал дээр харилцан туршлага солилцож ярилцаж байгаа нь энэхүү уулзалтын гол үр дүн” хэмээн тодотголоо.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ