Зудархуу байгаагаас сумын малчин өрхийн тал хувь нь отроор нүүдэллэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-04 23:26:43
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Баянцагаан сумын нийт нутгаар цасны зузаан 10-20 с/м байгаа бөгөөд сумын хэмжээнд өвс муу байгаагаас зудархуу байдалтай байна.

Төв аймгийн Баянцагаан сумын хувьд таван багтай бөгөөд 1900 гаруй хүн амтай, 430 гаруй малчин өрхтэй ба нийт 260 мянган толгой малтай өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай хангагдсан байна. Оны эцсийн мал тооллогын дүнгээр сумын хэмжээнд нийт мал сүрэг өнгөрсөн жилийнх 30 мянган толгойгоор өсчээ.

Түүнчлэн өнгөрсөн жил нийт нутгаар зуншлага тааруу, хур бороо цөөнтэй байснаас тус сумын хувьд ургац муутай гандуу жил болсон байна. Үүнээс шалтгаалан сумын малчин өрхүүд бусад аймаг сумын нутагт ихээр отор нүүдэл хийх болсон гэнэ. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Баянцагаан сумын нийт мал сүргийн 50 гаруй хувь нь буюу 100 гаруй мянган толгой мал бусад аймаг, сумын нутагт отроор өвөлжиж байгаа бөгөөд сумын дийлэнх хэсэг нь Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Эрдэнэдалай, Лууст зэрэг сумын нутгаар нутаглаж байна. 

Харин Дундговь аймгийн хойд нутгаар отор нүүдэл хийн өвөлжиж байгаа Баянцагаан сумын малчин өрхүүдийг нутгийн уугуул малчин иргэд гадуурхах болон урт хөлийн малыг оруулахгүй гэж адуу малыг машин тэргээр туух асуудал гаргаж байгаа гэнэ. Иймд Баянцагаан сумын удирдлагуудын зүгээс уг асуудлыг зохицуулах үүднээс Дундговь аймгийн хойд сумдын Засаг дарга нартай уулзалт зохион байгуулсан гэж Төв аймгийн Баянцагаан сумын Засаг дарга Ж.Ганбат дурдсан байна. Тэрээр цааш нь хэлэхдээ “өмнөх жилүүдэд Дундговь аймгийн малчин өрхүүд Төв аймгийн Баянцагаан сумын нутгаар отор нүүдэл хийн өвөлжиж байсан. Иймд дээрх асуудлыг харилцан ойлголцож зохицуулсан” гэж тэрээр хэлсэн юм.

Төв аймгийн Баянцагаан сум энэ жил өвөлжилтийн бэлэн байдалд зориулж мянган боодол өвс бэлтгэсэн бөгөөд малчдад хөнгөлөлттэй үнээр олгоод дуусч байгаа юм. Иймд цаашид Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйгаас нэмж 20 тонн өвс, есөн тонн тэжээлийн будааг татаж авахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Мөн Баянцагаан сумын нутгаас отроор нүүдэллэн өвөлжиж байгаа малчин өрхүүдийн дунд хяналттай байлгахын тулд “Отрын явуулын штаб”-ыг байгуулсан  байна. Үүгээр дамжуулан өвөлжилт хүндэрсэн тохиолдолд малчдад шуурхай хүрч ажиллах зорилготой юм. Мөн тус суманд өвөлжиж байгаа бог мал нь өвс тэжээлийн хомстолд орох магадлалтай тул Төв аймгийн Удирдлагуудад шаардлагатай өвс тэжээлийн тооцоо судалгааг явуулахаар бэлтгэж аж.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ