Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг энэ онд шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-04 12:57:43

Зам тээврийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр 2016-2020 онд Засгийн газрын дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр харьяа байгууллага, бодлогын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулав.

Энэхүү гэрээнд 2017 онд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, зам тээврийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийх 192 ажлын төлөвлөгөө багтсан юм.

Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн харъяа байгууллагуудтай шууд холбоотой тул хийж буй ажилдаа сэтгэл гаргаж ажиллахыг Д.Ганбат онцлоод 2017 онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав.

Тухайлбал, авто замын салбарт олон улсын авто замын сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний AH4 (баруун босоо тэнхлэгийн авто зам болох Ярант-Улаанбайшинт) чиглэлийн авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Мөн бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөхөөр төлөвлөжээ. Мөн “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлж, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулан, барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Зүүнбаян - Ханги” чиглэлийн төмөр зам, “Богд хан төмөр зам” төслийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, Эрдэнэт - Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлснээр улс орны эдийн засагт ихээхэн түлхэц үзүүлнэ хэмээв.

Автотээврийн салбарт Герман, Чех, Польш улстай “Олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулах чиглэлээр ажиллаж байгаа аж. Мөн Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл хийх, дугаар олгох үйлчилгээнд цахим тогтолцоог бүрдүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй автобус нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ