Ахмад багш нарын шинэ жилийн цэнгүүн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-30 23:31:12

Дархан-Уул аймгийн ахмад багш нарын шинэ жилийн цэнгүүн болов. “Манай аймагт гавьяаныхаа амралтад гарсан 1300 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид байдгаас Монгол Улсын “Гавьяат багш”, “Улсын шилдэг багш” тус бүр дөрөв, “Монгол улсын зөвлөх багш” 21 төрөн гарсан нь Дарханчууд бидний бахархал юм” гэж аймгийн БСГ-ын дарга Р.Батжаргал цэнгүүний нээлтэд хэлсэн үгэндээ онцлов.

Тэрбээр “Эдгээр эрхэм хүмүүсийн мэдлэг чадвар, оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн боловсролын салбар маань жилээс жилд өргөжин тэлж өнөөдөр аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд 18998 хүүхэд, 43 цэцэрлэгт 7762 хүүхэд, Их дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 6374 оюутан суралцагчид суралцаж байна” гэв. “Бидний ирээдүй, хойч үе болсон хүүхэд багачуудын төлөө бие сэтгэл зүрхээ харамгүй зориулж олон мянган шавийг бэлтгэн ажиллаж ирсэн багш нарын маань алдар гавьяаг тоолж баршгүй юм” гэж аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат хэллээ.

Мөн үеэр аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдэг, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр зургаан ахмад багшийг шагнасныг гардууллаа.  

                                                                                                                                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ