Энэ онд жирэмсэн гурван эх энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-21 16:30:26

2016 онд Өмнөговь аймагт гурван эх эндсэн гэж тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна.

Оны эхний улиралд хоёр эх эндсэн бөгөөд нэг тохиолдол нь эрхтэн тогтолцооны эмгэгийн хүндрэлээс болж нас баржээ. Тэрээр цөсний үрэвсэл, чулуутай байсан бөгөөд жирэмсний хожуу хордлого хүндэрч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч аварч чадаагүй байна.

Харин нөгөө эндэгдэл нь хөдөө орон нутгаас их хэмжээний цус алдсан байдалтай ирсэн гэнэ. Хэдийгээр гурван сартай жирэмсэн эх байсан ч цус алдалтын, халдвар хордлогын гэсэн хоёр шок хавсарсан учраас эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч аварч чадаагүй ажээ.

Харин гурав дахь эндэгдэл нь энэ сард гарсан бөгөөд ураг орчмын шингэний бөглөрөл гэсэн оноштой ажээ. Ийм тохиолдол нь маш ховор байдаг бөгөөд эхийг аврах тусламж бараг байдаггүй гэнэ. 

Өмнөговь аймгийн хувьд 2011-2013 онд эхийн эндэгдэл огт гараагүй юм байна. Харин 2014, 2015 онуудад нэг, нэг жирэмсэн эх эндсэн тохиолдол байгаа юм байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ