Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийг Н.Лүндээжанцан ахална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнөөдөр Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Хурлыг нээж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар үг хэлэв. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Энэ хурлаар Үндсэн хуулийн дархлааг хангахад юуг анхаарах, Үндсэн хуулийн үзэл баримтлалтай уялдуулан Үндсэн хуулинд хийх өөрчлөлтүүдийг хэрхэн хийх зэрэг олон чухал асуудлуудыг судлан үзэж бодлогын хэмжээнд эрдэмтэн судлаачидтай хамтран ярилцах юм” гэв. Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Үндсэн хууль 25 жил үйлчилнэ гэдэг бол гайхамшигтай ололт юм. Үүнд Монголын нийгмийн тогтвортой байдал нөлөөлсөн ч Үндсэн хуулийг анх боловсруулагчдын ухаалаг сонголт чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй. Үндсэн хууль 1992 оноос хойш ардчилсан засаглалыг хөгжүүлэхэд бат бэх суурийг бий болгосон. НҮБ Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ арга хэмжээнд оролцож буйдаа туйлын баяртай байна” хэмээн онцолсон юм.
Хуралдаанд УИХ-ын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн хэрэгжилтээс үүдэн гарч буй эрх зүйн үр дагавар, боловсронгуй болгох үндэслэл, шаардлага”, УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт ба 5 эрх мэдлийн загвар", Чикагогийн Их сургуулийн Олон улсын эрх зүй, улс төр судлалын профессор Том Гинсбург "Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн үр дүн: туршлага, сургамж", Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа "Монгол Улсын Үндсэн хуульт ёсны хөгжлийн чиг хандлага: сургамж, шийдэл", Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр "Үндсэн хуульт ардчилалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Дараа нь илтгэлтэй холбогдуулж оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Оролцогчдоос "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол ард түмний саналыг авах ёстой. Нэг нам дангаар буюу 65 гишүүнтэй байх үед ард түмнээс санал авалгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь язгуур эрх ашгийг хөндөнө" гэсэн санал гарч байлаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат үүнд "МАН 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард түмнээс санал авна” хэмээн заасан. Мөн Засгийн газарт хандаж шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна гэсэн санал, хүсэлт олноор ирсэн тул тус газраас ажлын хэсэг байгуулсан" гэж хариуллаа.
УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсгийг улс төрийн нөлөөллөөс ангид байлгахын тулд эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл оролцуулан байгуулсан юм байна.
Хуралд УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцсон юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ