Бага насны хүүхдүүд амиа алдах тохиолдол ихэсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-19 23:11:17

2015-2016 онд шилжих шинэ жилийн баяраас эхлээд өнөөг хүртэлх хугацаанд олон бяцхан үрс эцэг, эхийнхээ хариуцлагагүй, болгоомжгүй байдлаас болон алтан амиа алдаад байгаа юм.

Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт ирсэн хандалтаар 13 хүүхэд зуурдаар амиа алдсан бол Цагдаагийн газарт 7 хүүхэд амь насаа алдсан гэх мэдээлэл ирсэн бол Эрүүл мэндийн газраас мэдээлэл авахад энэ оны 11 сарын байдлаар 21 хүүхэд осол гэмтэл, золгүй тохиолдлоо нас барсан байна.

Тухайлбал Арвайхээр суманд  өнгөрсөн шинэ жилээр ээж нь баярт оролцох гээд явахдаа хүүхдүүдийг гэрт түгжин үлдээснээс болж 2, 5 настай хүүхдүүд гал түймэрт өртөж амиа алдсан, Тарагт суманд 2, 5, 7 настай хүүхдүүд тоглож байхдаа бороо их орсны улмаас тогтсон цүнхээл ус руу орж амиа алдсан, Хархорин суманд 4 настай хүүхэд мөн тоглож байгаад ухсан шуудуу руу унаж амиа алдсан, Бүрд суманд машинтай ухарч байгаад болгоомжгүй байдлаас болж 4 настай хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон, Зүүнбаян-Улаан суманд 9 сартай хүүхэд уяандаа боогдож нас барсан, Төгрөг суманд 7 настай хүүхэд худаг руу унаж амиа алдсан, Баруунбаян-Улаан суманд 13 настай хүүхэд амиа хорлосон, Гучин-Ус суманд 13 настай хүүхэд малд явж байгаад цүнхээл рүү орж амиа алдсан, Бат-Өлзий суманд ээж нь түр гараад ирэхийн хооронд 2, 4 настай хүүхдүүд гэртэйгээ шатаж нас барсан гэх бага насны хүүхдүүдтэй холбоотой, зүрх шимшрэм хэргүүд энэ онд ээлж дараалан гарлаа. Түүний зэрэгцээ халуун тогоо, халуун цай, ус, индүүгээр хүүхдээ шалзалз эрүүл мэндээр нь хохироох явдал цөөнгүй гарч байна.

0-5 насны хүүхдийн эндэгдлийн 40,9 хувийг гэрийн эндэгдэл эзэлж байгаа бөгөөд үүн дотроо 72,4 хувийг осол гэмтэл, золгүй тохиолдлоор амиа аалдах явдал эзэлж байна. 27,6 хувийг өвчний улмаас эмнэлгийн тусламж авч чадаагүй нас баралт эзэлжээ. Хүүхдийн осол гэмтлээс шалтгаалан нас барах байдал 3, 8 сард илүү тохиолдож байгаа бөгөөд энэ нь 3 сард мал төллөх үеэр эцэг, эхчүүд хөхүүлээд, хооллоод орхидгоос болж хахах, цацах байдалтай амиа алдаж, харин 8 сард гол усанд живэх байдлаар осолдож байгааг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн хэллээ.

Аймгийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар хүүхдийн эрх ашгийг хөндсөн гэмт хэрэг 33 удаа гарсан нь хүүхдийнхээ амь насыг болгоомжгүй байдлаар хохироох, биед нь гэмтэл учруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах, хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх зэрэг үйлдэлтэй байна.

Тодруулбал насанд хүрээгүй охидууд хамаатан садныхаа хүмүүст хүчиндүүлэх хэрэг 4, иргэдийн тэжээвэр болон золбин нохойд уруулсан тохиолдол 5, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс 8 хүүхэд бэртэл, гэмтэл авчээ.

Монгол Улс 1996 онд анх Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг боловсруулан баталж байсан бол 2016 оны 2 сард Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэхүү хуулиар хүүхэд эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих эрхтэй хэмээн заасан байдаг. Хүүхдийн энэ эрхийг хангахын тулд эцэг эх, асран хамгаалагчдаас эхлээд боловсролын байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд, цагдаа, хууль хяналтын байгууллага, бүх шатны Засаг даргуудын үүрэг, оролцоо байх ёстой.

Гэсэн ч золгүйгээр амиа алдаж байгаа хүүхдүүдийн араас хий дэмий шогшрохоос өөрийг хийхгүй байгаа нь харамсалтай юм. Аймгийн ИТХ-аар 2017 оны зорилтот жилийг зарлахдаа хүүхдийн амь насыг хамгаалахаас илүүтэйгээр ахмадуудад шинэ байр барих нь чухал хэмээн үзэж “Ахмадаа дээдлэх жил” болгон зарласан.

Хэдийгээр эцэг, эхчүүд өөрийн хүүхдээ хайрлаж, халамжлах, өсгөж өндийлгөх үүрэг хариуцлагатай боловч тэдэнд хүүхдээ хамгаалах, зөв хүмүүжүүлэх боловсрол, бодлого хэрэгтэй.

Өвөрхангай аймагт хүүхэд хамгааллын талаар ямар арга хэмжээ авч байгааг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Пүрэвсүрэнгээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ “Хүүхдээ хайрлаж, халамжилдаггүй эцэг, эх гэж байхгүй. Гэвч хоромхон төдийд анхаарал, халамж суларснаас бага насны хүүүхдүүд осол, гэмтэлд орох асуудал улсын хэмжээнд түгээмэл байна. Энэ хэрэг, зөрчил өмнөх жилүүдэд нуугдмал байдаг байсан бол одоо хүүхдийн эрх зөрчигдөх нь байж боломгүй асуудал гэдгийг иргэд ойлгодог болсон. Тиймээс үндэсний хэмжээний 108, манай байгууллагын 70323355 утсанд хандалт их ирдэг болсон. Хүүхдээ алдсан эцэг, эхчүүд сэтгэлзүйн гүн хямралд ордог учраас сум бүрт сэтгэлзүйч ажиллуулах шаардлагатай байгаа. Одоогоор зөвхөн манай байгууллагад сэтгэлзүйч ажилладаг учраас сум бүрт хүрч ажиллах боломжгүй байгаа юм. Тийм учраас эцэг, эхчүүдэд хүүхдүүдтэйгээ ажиллах арга барилыг эзэмшүүлэх талаар анхаарч гарын авлага, зөвлөмжүүдийг  байнга тарааж байна” гэлээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ