Хугацаат цэргийн алба хаагчид тангаргаа өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших, Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016-р бригадын ангид хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн алба хаагчид “Цэргийн тангараг”-аа өргөлөө.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар хэлэхдээ “хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслол олон онцлогтойг дурдаад энэ оны есдүгээр сарын 1-нээс Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндсэн баримт бичгийг шинэчлэн боловсруулж, Батлан хамгаалах салбарын багц хууль мөрдөгдөж эхэлсэн дурдсан” гэлээ.
Эгнээнээсээ арван баатар төрүүлсэн анги Монголд 016-р ангиас өөр байдаггүй. Монгол Улсын баатар Л.Аюуш, Т.Дүүдэй, Д.Хаянхярваа, Д.Данзанваанчиг, Л.Гэлэгбаатар, М.Жанчив нар энэ ангиас төрөн гарсан бөгөөд та бүгдээс ч баатар төрөхийг үгүйсгэхгүй юм. Тиймээс цэргийн албаа нэр төртэй хаахыг тус ангийн удирдлагуудын зүгээс онцлон захиж байлаа.
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар 016-р ангид хугацаат цэргийн алба хаахаар сумдаас болон Улаанбаатар хотоос 79 алба хаагч татагдан ирсэн юм. “Цэргийн тангараг өргөх ёслол”-ын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Б.Эрдэнэбат болон хууль хүчний байгууллагуудын төлөөлөл, тангараг өргөж байгаа алба хаагчдын ар гэрийнхэн оролцлоо.
Т.Есүхэйтөмөр