Анааш устаж үгүй болох эрсдэл үүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-09 10:40:07

ГЛАНД. /КAZINFORM/. Байгаль орчныг хамгаалах олон улсын холбоо /IUCN/ анаашийг устаж үгүй болох эрсдэлд орсон амьтдын жагсаалтад оруулжээ.

Швейцарьт төвтэй тус байгууллага өчигдөр “Улаан жагсаалт”-аа шинэчлэн энэ хөхтөн амьтныг устаж үгүй болох "эрсдэлтэй" байгаа амьтдын жагсаалтад оруулсан байна.

Анааш бол Африк тивд өргөн тархсан амьтан юм. Түүний тоо толгой сүүлийн 30 жилийн хугацаанд 36-40 хувиар цөөрчээ. Тодруулбал, 1985 онд 155 мянга орчим анааш байсан бол 2015 онд энэ тоо 97 мянга болж буурсан байна.

Анаашны тоо толгой эрс цөөрсөн нь цөлжилт, ган гачиг болон бусад хүчин зүйлтэй холбоотой гэж IUCN үзэж байна. Мөн зарим улсад махыг нь хүнсэнд хэрэглэх гэсэн хүмүүс энэ амьтныг хулгайгаар агнадаг ажээ.

Энэ амьтныг хамгаалж, амьдрах орчныг нь бүрдүүлж өгөхийн тулд тусгай хууль гаргахыг IUCN холбогдох улс орнуудад уриалж байна.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ