Турк улсын хууль дүрмийг сахиж ажиллаж амьдрахыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬИстанбул дахь Ерөнхий Консулын газраас Турк улсад оршин суугаа болон зорчин өнгөрч буй иргэддээ хандаж, аливаа гэмт хэрэг зөрчил, эмх замбараагүй байдал, архидан согтуурахаас хол байж суугаа улсынхаа хууль дүрмийг сахиж, соёл уламжлал, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандахыг анхаарууллаа.
Турк Улсад өнгөрөгч 7 дугаар сарын 15-ны өдөр цэргийн эргэлт хийх оролдлого гарсантай холбогдуулан орон даяар 3 сарын хугацаатай онц байдал зарласан. Улмаар энэхүү хугацааг ирэх оны нэгдүгээр сарыг дуустал дахин 3 сарын хугацаатай сунгаад буй. Бүс нутаг болон орон нутагт үүсч буй нөхцөл байдлаас шалтгаалан хууль хяналтын байгууллагынхан байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, гадаад иргэдийн төдийгүй өөрийн иргэдийн ч бичиг баримт, бие, автомашинд үзлэг нэгжлэг хийж байгаа юм байна.
Мөн гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй ч оршин суух бичиг баримтгүйн улмаас саатуулагдсан иргэдийг “Туркийн гадаад иргэдийг түр саатуулан албадан буцаах төв”-д шилжүүлдэг. Тус байгууллага нь тухайн иргэнийг албадан нутаг буцаах эсэхийг бүрэн эхнийнхээ хүрээнд шийддэг.
Түүнчлэн “Гадаад иргэдийг түр саатуулан албадан буцаах төв”-д саатуулагдсан иргэд, ар гэрийнхэн нь өмгөөлөгч авах бол тухайн өмгөөлөгчтэй хуулийн дагуу гэрээ хийж, гэрээг нотариатаар батлуулснаар хүчин төгөлдөр болдог. Гэрээ хийлгүйгээр өмгөөлөгч, хууль хүчний байгууллагын алба хаагч эсвэл хувь хүнд мөнгө өгсөн тохиолдолд эргээд хуулийн дагуу арга хэмжээ авах боломжгүй гэдгийг тус Консулын газраас сануулж байна.
Б.Туул