Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т байцаалт өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЕрөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр Авлигатай тэмцэх газраас /АТГ/ зарлан дуудсаны дагуу байцаалт өглөө.
АТГ-аас Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцож, байцаалт авахаар өнөөдөр 16.00 цагаас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлан мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргалын өрөөнд дуудсан юм. Гэхдээ түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Зарлан дуудах хуудсыг авсны дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т өөрийн биеэр очсон бөгөөд энэ үеэр “Өнөөдөр надад 14:00 цагт зарлан дуудах хуудас ирсэн. Энэ дагуу байцаалт өгөхөөр ирлээ. Би Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн учир үйл явдал өрнөх юм шиг байна. Хоёрдугаарт, би хэд хоногийн өмнө телевизээр Монголын нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг хэлж, Монголын цөөхөн баячууд хамаг баялгийг сорчлоод авчихсан тухай ярьж, нэрийг нь дурдсан. Тавантолгой, “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Саусгоби” гээд их хэмжээний хөрөнгө мөнгийг цөөн хүмүүс завшиж байгааг хэлсэн. Түүнээс болж дуудагдаж байх шиг байна. Намайг Ерөнхий сайд байхаас эхлээд элдэв худал асуудлаар зохиомол хэрэг үүсгэсэн. Надад айж, ичих юм байхгүй.
Би хоёр зүйлд үнэхээр харамсч байна. Намайг эртхэн дуудаж авчраад асуучихгүй заавал ойр тойрныхноос эхлээд олон хүнийг шоронд тарчилгаж, хамгийн сүүлд төрсөн дүү, хамаатнуудыг маань хүртэл шоронд орууллаа. Намайг шоронд хийгээд тэр хүмүүсийг гаргах цаг нь болсон гэж би бодож байгаа учраас өөрөө ирж байна. Зарлан дуудах хуудсаа давчуу хугацаанд өглөө. Бодвол намайг ирэхгүй шалтаглана гэж бодсон байх. Шоронд хийсэн ч бууж өгөхгүй тэмцэлдэнэ” гэж сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр 17.40 цагийн байдлаар АТГ-т байцаалтаа үргэлжлүүлж байсан юм.
Үүнээс гадна АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр Н.Алтанхуягийг асуудлаар "Шонхор тауэр"-т шуурхай хуралдсан. Тус намын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд болон АН-ын даргыг албыг хашиж байсан Н.Алтанхуяг болон түүний эргэн тойронд өрнөж байгаа үйл явдалтай холбогдуулан улс төрийн мэдэгдэл гаргахаа илэрхийлээд байсан юм.
Норовын Алтанхуяг нь Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар 2012 оны 08 дугаар сарын 09–нөөс 2014 оны 11 дүгээр сарын 05 хүртэл 2 жилийн хугацаанд томилогдон ажиллаж байсан юм. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын тэргүүн шадар сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэр, Сангийн сайд зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан. Түүнчлэн Ардчилсан намыг даргалж байсан юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал