Суурь зарлага буурсан нь төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-23 22:10:57
Yesukheitumur Tumurbaatar

Төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлаас үүдэж сум орон нутгийн байгууллагуудын суурь зардлуудыг тодорхой хувиар бууруулсан нь орон нутагт төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэхэд суурь зарлага хүрэхгүй байгаа ажээ. Энэ тухай Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар ярилцлаа.

Хурлаар Төв аймгийн 2017 оны төсвийн төслийн талаар Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар болон Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт нар танилцууллаа. Татварын нийт нэмэгдүүлсэн орлогын 335.3 сая төгрөг нь сумын төсвийн орлого, 555.6 сая төгрөг нь аймгийн төсвийн орлого гэдгийг Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт хэлж байлаа.

Мөн зарим сумдын ИТХ болон ЗДТГ-ын төсөвт байгууллагуудад цалингийн сан хүрэлцэхгүйгээс өр авлага үүссэн зарим хэлтэс агентлаг шинээр байгуулагдсан зэрэг нь төсвийн суурь зарлагыг үүсгэх тодорхой шалтгаан болж байна. Тиймээс нийт эх үүсвэрээс төсвийн зарлагыг 890.9 сая төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож байгаа юм байна.   

УИХ-аас аймгийн төсвийн зардлыг 19228.9 сая төгрөг, орон нутаг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх зарлага 631.3 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн зардал 41821.5 сая төгрөг, сумын орон нутгийн хөгжүүлэх сангийн зардал 2916.6 сая төгрөг, бүгд 64598.2 сая төгрөг батлагдсан.

Цаашид төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв зохиох, хэрэгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, төсвийн төлөвлөлт болон төсвийн сахилга батыг сайжруулах, батлагдсан төсвийг тоон хязгаарт нь барьж ажиллах явдал чухал гэдгийг албаныхан онцоллоо.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ