Цэргийн 500 алба хаагч цас цэвэрлэгээнд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-23 13:36:57

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын цас цэвэрлэгээнд цэргийнхнийг оролцуулах шийдвэрийн дагуу өчигдөр анги байгууллагууд алба хаагчдаа цас ихээр хунгарласан гудамж талбайд гарган ажиллууллаа.

Тухайлбал Баянзүрх дүүргийн Арслантай хөшөөнөөс  Нарантуул захын уулзвар хүртэлх хэсгийг 014,015,032 дугаар ангийнхан, Хан-Уул дүүргийн Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэл хэсгийг 013, 017,089,120 дугаар ангийнхан, Чингэлтэй дүүргийн Дөлгөөннуурын уулзвараас Гэсэр сум хүртэлх хэсгийн цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэсэн байна. Цас цэвэрлэгээнд  33 техник, нийт 500 гаруй хүн оролцжээ.

Цаг агаарын энэхүү нөхцөл байдалтай уялдуулж авсан арга хэмжээнд иргэд таатай хандаж байгаа ба цахим хэрэглэгчид цэргийн алба хаагчиддаа баярлаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Хэрэв цаашид цас ихээр орж, зам тээврийн хөдөлгөөнд саад тотгор учруулахуйц үр дагавар үүсвэл цэргийн алба хаагчид дахин цас цэвэрлэгээнд гарч болзошгүй гэнэ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ