ГОВЬ-АЛТАЙ: Энэ оны эхний 11 сарын байдлаар 747 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-19 17:24:42

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 747 эх амаржиж, 751 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41 тохиолдлоор цөөрсөн байна. 


Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 95.9 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 448 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оныхоос 22 тохиолдлоор нэмэгдсэн ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 62.6 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 


Энэ оны эхний 11 сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 669 эмэгтэй хамрагдсан бөгөөд 94.3 хувь нь эхний гурван сартайд, 4.6 хувь нь 4-6 сартайд орсон байна.


Энэ хугацаанд тус аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 4.1 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн. Мөн амьд төрсөн хүүхдийн 405 буюу 53.9 хувь нь хүү, 346 буюу 46.1 хувь нь охин байгаа тухай ЭМГ-аас танилцууллаа.

Холбоотой мэдээ