ХОВД: Энэ оны гуравдугаар улиралд 687 ажлын байр шинээр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-19 13:34:05

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймаг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарч, жилд 600-гаас дээш ажлын байр шинээр бий болгох зорилго дэвшүүлж буй.


Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Ховд аймагт ажилгүйдлийн түвшин 8.8 хувьтай байна.


Тус аймаг 91 мянга гаруй хүн амтай. Үүний 62.1 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна.  

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар 2598 ажил хайгч иргэн бүртгэлтэй байгаагаас хамгийн их хувийг 24-34 насныхан эзэлж буй.   

Тус байгууллагад энэ оны гуравдугаар улирлын байдлаар 886 ажлын байрны сул орон тоонд захиалга иржээ. Улмаар 738 иргэн буюу дийлэнх хувийг түр болон улирлын чанартай, байнгын ажлын байранд зуучилсан байна

Мөн энэ оны гуравдугаар улирлын байдлаар 687 шинэ ажлын байр бий болжээ.

Үүнээс 407 нь байнгын ажлын байр юм. Харин 60 нь түр, 220 нь улирлын чанартай ажлын байр байв. 


Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар энэ оны гуравдугаар улиралд 1000 орчим иргэнийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан болон бүлгийн сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнд хамруулжээ. Мөн ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах зорилго бүхий хөдөлмөрийн өдөрлөг, үзэсгэлэн худалгаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна.


Орон нутагт эм зүйч, эм найруулагч, цахилгааны инженер, малын эмч, хүнсний технологич гэх мэт ажлын байрны захиалга эрэлттэй байгааг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Мөн орон нутгийн хөдөө аж ахуй, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт ихэвчлэн ажлын байр шинээр бий болж буй.   

Холбоотой мэдээ