Пак Гын Хэг огцрохыг дахин шаардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-20 11:18:42

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод бямба гарагийн орой хэдэн мянган хүн жагсан Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардлаа.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, жагсаалд 135 мянган хүн оролцжээ.

Сүүлийн дөрвөн долоо хоногт тус улсад ийм жагсаал цуглаан тасралтгүй болсон юм.

Өмнөд Солонгост дэгдсэн улс төрийн дуулиан шуугианы гол эзэн болох Пакийн найз Чой Сүн Сил гэх эмэгтэйн охинд хөнгөлөлт үзүүлж, давуу эрх олгон нэр хүндтэй их сургуульд элсүүлсэн нь тогтоогдсон гэж тус улсын Боловсролын яам мэдэгдсэнтэй холбоотойгоор бямба гарагийн жагсаалд ахлах сургуулийн сурагчид, коллеж болон их, дээд сургуулийн оюутнууд оролцжээ.

Чой овогт эмэгтэй болон Ерөнхийлөгч Пакийн туслахаар ажиллаж байсан хоёр хүнд прокурорууд яллах дүгнэлт үйлдэхээр төлөвлөж  байна. Чой овогт болон хоёр туслахын нэг болох Ан Чон Бумыг Ерөнхийлөгчийн тамгын газрын тусламжтайгаар байгуулагдсан хоёр санд санхүүжилт хандивлуулахын тулд томоохон компаниудад дарамт шахалт үзүүлсэн гэж буруутгаж байна.

Мөн Пакийн нөгөө туслах нь болох нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жон Хо Сон нь Чой Сүн Силд төрийн нууцыг задалж, албаны баримт бичгүүдийг өгдөг байжээ.

Прокурорууд Пак Гын Хэг энэ долоо хоногт байцаахаар төлөвлөж байсан боловч түүний өмгөөлөгч нь байцаах хугацааг ирэх долоо хоног болгон хойшлуулахыг хүссэн юм.

Бямба гарагт Пакийг дэмжигчид  болох 11 мянган хүн мөн жагсчээ. Уг жагсаалыг консерватив үзэлтнүүдийн нэгэн бүлэг болон Пакийн эцэг болох Ерөнхийлөгч агсан Пак Жон Хиг шүтэн бишрэгчид зохион байгуулжээ. Жагсаалд оролцогчдын дийлэнх нь ахмад настнууд байжээ. Пак Гын Хэг огцруулснаар нийгэмд эмх замбараагүй байдал үүсч болзошгүй гэж тэд эмээж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ