Унадаг дугуйгаар аялж, эх орноо сурталчилсан залууст талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-11-16 11:00:41

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр буюу энэ сарын 15-нд БНСУ-д 660 км унадаг дугуйн аялал хийсэн залуусыг хүлээн авч уулзан, гадаадад эх орноо сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлэв.

Өнгөрсөн оны есдүгээр сард байгуулагдсан “МВ” унадаг дугуйн клубын 17-57 насны 19 дугуйчин аравдугаар сарын 21-28-нд БНСУ-ын хойд цэг болох болох Пажу хотоос эхэлж хамгийн урд цэг буюу Бусан хүртэл 660 км аялсан байна. Уг аялал нь эх орноо гадаадад сурталчлахаас гадна Солонгосын унадаг дугуйн зам, гүүрэн байгууламжийг судлах, эх орондоо нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх зорилготой юм.

Эх орноо гадаадад сурталчилж, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх, унадаг дугуйн өдөр тутмын амьдралын хэрэглээ болгон хэвшүүлэхэд аялагчид ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Д.Оюунхорол онцлоод, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр унадаг дугуйн зам барих шаардлагатай. Нийслэл автомашинаар дүүрсэн энэ үед иргэд агаарын бохирдлын эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой. Автомашин ихээхэн тоосонцор ялгаруулж, хүний дархлааны системийг гэмтээдэг гэдгийг ДЭМБ тогтоосон. Иргэд ч өдөр бүр хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэв маягт шилжиж байна. Тиймээс төрөөс унадаг дугуйн аялалын дэд бүтцийг хөгжүүлэхэд бодлогоор дэмжиж ажиллах болно” гэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ