Тогтвортой хөгжлийн зөвлөгөө, оролцоог бэхжүүлэх шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-15 15:14:50

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо өнөөдөр хуралдаж, “Тогтвортой хөгжлийн зорилгууд”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” сэдвээр илтгэл тавьж хэлэлцлээ.

“Тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдэвт илтгэлийг НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман тавьсан юм. Илтгэлд дурьдсанаар Монгол Улсын цаашдын хөгжилд Үндэсний болон орон нутгийн түвшинд бодлогын уялдааг хангах, бодлогоо тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах, үр дүнгийн хяналтад шаардагдах тоо мэдээллийн олдоц, хэрэглээний ойлголтыг сайжруулах, зөвлөгөө, сурталчилгаа, оролцоог бэхжүүлэх шаардлага тулгарч байгаа аж.

Мөн бодлогын болон хэрэгжилтийн босоо, хэвтээ түвшний уялдааг хангахад институцийн зохистой тогтолцоог бүрдүүлэх, төсөвт дүн шинжилгээ хийж зарлагын оновчтой зарцуулалтыг бий болгох шаардлагатай гэж НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман онцоллоо.

Үүний дараа Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр "Үндэсний хөгжлийн газар байгуулагдаад удаагүй байгаа. Манай байгууллага Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын бодлогыг зөв зохистой төлөвлөж, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, салбарын хөгжлийн бодлогыг хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутаг, орон нутгийн хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлоготой зөв уялдуулан экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан хүн амын ажиллаж, амьдрах эдийн засгийн таатай орчныг бий болгож, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна" гэсэн юм.

Илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд тогтвортой хөгжлийн баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллах нь чухал болохыг онцолж байсан юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ