Хүнсний буудайн энэ жилийн тариалалт дотоодын хэрэгцээг бүрэн хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-15 14:34:51

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн өнөөдөр Улсын онцгой комиссын хуралдаанд ургац хураалтын дүнгээр мэдээлэл хийх үеэрээ, "Хүнсний буудай нөөц 360.3 мянган тн бөгөөд гурилын хэрэгцээнд шаардагдах нь 320.0 мянган тн буюу дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана" хэмээн мэдэгдэв.

Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр  нийтдээ  475.8  мянган тонн үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7  мянган тонн төмс,  93.5  мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 14.0 цн улаанбуудай, 105.0 цн төмс, 112.1 цн хүнсний ногоо, 17.3 цн тэжээлийн ургамал, 3.1 цн тосны ургамал тус тус  хураан авсан байна.

Хураан авсан үр тариа цэвэр жингээр 431.9 мянган тн бөгөөд, үүнээс дараа онд тариалах үрэнд 43.9 мянган тн, улсын үрийн нөөцөд 1.6 мянган тн, тэжээл үйлдвэрлэлд 14.2 мянган тн, спиртийн үйлдвэрт 10.9 мянган тн, ТЭДС-д 64.9 мянган тн, гурилын үйлдвэрт 258.3 мянган тн, борлуулалтын шатандаа 37.9 мянган тн байх юм.

Ургац хураалтын дүнгээр гурилын үйлдвэрүүдэд шилжсэн 258.3 мянган тн улаан буудайгаар 180.8 мянган тн гурил, 69.7 мянган тн  хүчит тэжээл үйлдвэрлэгдэхээр байгаа тул өвөлжилтийн бэлтгэл хангах явцад хангалтгүй бэлтгэгдсэн үйлдвэрийн тэжээлийг нөхөн бүрдүүлэх нөөц байна гэж үзэж байгаа аж. 

Ургац хураалтын ажилд оюутан залуучуудыг оролцуулах зорилгоор нийтэд хандсан урилга гаргаснаар нийтдээ 2500 гаруй цэргийн алба хаагч, оюутан залуучууд гэрээгээр ажиллаж ургац хураалтын ажилд томоохон дэмжлэг үзүүлсэн хэмээн салбарын сайд мэдээлэв.

Б.Туул

Холбоотой мэдээ