Улаагчны даваанд халтиргаа үүсч эхэллээ

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 14:53:55

Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчны даваанд цас орж эхэлсэн байна. Их хэмжээгээр цас дарвал алслагдсан уг сум болон Яринтын боомт орох зам хаагдах эрсдэлтэй. 

Тус сумын ИТХ-ын дарга Х.Адилхан энэ тухай ярихдаа, Манай суманд өвлийн бэлтгэл ерөн хувь хангагдлаа. 105 мянган толгой мал өвөлжинө. Малчид өвс тэжээлээ боломжийн хэмжээнд бэлтгэсэн. Аюулгүйн нөөцийн 170 тонн тэжээл, 55 тонн өвсийг татан авч байна. 40 мянган толгой мал жил жилийн уламжлалын дагуу Ховд аймгийн Дуут, Мөнххайрхны нутагт өвөлжихөөр гэрээ хийж байна. Хөх сэрхийн улсын хамгаалалттай газарт 15 мянган толгой мал оторлуулах зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас хүсч байна. Түргэн тусламжийн шинэ тэрэгтэй боллоо. Арагчны гүүрийг засварлаж эхэлсэн. Булган гол дээр орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө 140 сая төгрөгөөр гүүр тавигдахаар болов. Гар утасны дамжуулах станц тавигдахаар болсон ч ууланд цас орсон тул түр хойшлогдов. Давааны цасыг арилгах тракторыг засварлаж ажиллахад бэлэн болголоо. Харин радиогийн сонсголыг сайжруулах боломж олдохгүй байна гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ