Азийн хөгжлийн банк ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-10 11:37:34

Азийн хөгжийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төсөл Увс аймагт хэрэгжихээр болсон байна.

2016-2020 оны хооронд хэрэгжих уг төслийн зорилго нь агробизнесийн чиглэлийн хувийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд хөрөнгө оруулснаар хөдөөгийн хөгжлийг дэмжиж, улмаар ядуурлыг бууруулахыг зорьж байгаа аж. Энэхүү төсөлд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, оёдол, зөгийн аж ахуй, эрчимжсэн аж ахуй, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй, шилмэл малын үржил, үрийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой байна. Олгох зээлийн хэмжээ нь 150-300 мянган ам.доллар бөгөөд хугацаа нь 7 жил байх аж. Тус төслийн үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа нь 3 жил хүртэл ба төгрөгийн зээлийн жилийн хүү 8 хувиас хэтрэхгүй байна. Төсөлд хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгжүүд нь тодорхой хэмжээний шалгуурыг хангасан байх ёстой аж. Төслийн зээлийг ХААН, ХАС, Голомт, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан олгох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ЗДТГ-ын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээс авах боломжтой байна.

Б.Батхүү  

Холбоотой мэдээ