Жолоочгүй машиныг буруугаар ашиглаж болзошгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-11-08 14:12:46

КАНБЕРРА. /Xinhua/. Жолоочгүй автомашиныг терроризмын аюултай зэвсэг болгон ашиглаж болзошгүй гэж Австралийн эрх баригчид анхаарууллаа.

“Google”,  “Tesla” зэрэг компаниудын зохион бүтээж буй жолоочгүй автомашинуудыг террористууд болон гэмт хэрэгтнүүд буруу замаар ашиглах магадлалтай гэж Австралийн Холбооны цагдаагийн газрын дэд комиссар Рамзи Жаббур анхааруулсан байна.

Тэрбээр хэлэхдээ, жолоочгүй машин хэрэглээнд гарах үед дэлхий дахины хууль сахиулах байгууллагууд томоохон сорилттой тулгарах болно гэжээ.

Террористууд эдгээр машинуудыг тэсрэх бөмбөгөөр дүүргэн дэлхийн хаанаас ч хамаагүй зайнаас удирдан дэлбэлэх боломжтой болно гэж цагдаа нар болгоомжилж байна. Технологийн хөгжил нь бидний өдөр тутмын амьдралд гайхалтай боломж, хувьслыг авчирсаар байгаа хэдий ч жолоочгүй автомашин нь цагдаа нарт ихээхэн хүндрэл учруулна гэж Жаббур хэллээ.

Харин Виктория мужийн Цагдаагийн газрын комиссар Грахам Эштон хэлэхдээ, жолоочгүй автомашин олон хүний амийг аварна гэв.

Мөн тэрбээр "дэлхийн тээврийн салбарт жолоочгүй автомашинуудыг туршаад эхэлсэн бөгөөд цаашид улам бүр боловсронгуй болно. Хэрвээ ийм загвар бодит амьдрал дээр гараад ирвэл зам тээврийн аюулгүй байдал сайжрах болно. Учир нь зам тээврийн осол гэмтлийн ихэнх нь жолоочийн буруугаас үүдэлтэй" гэлээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ