Умард Солонгос АНУ-д болох сонгуулийн үеэр пуужин харваж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-08 10:21:59

СӨҮЛ. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох өдөр Умард Солонгосын тал баллистик пуужин хөөргөн өдөөн хатгалга хийж магадгүй байгаа тул Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ.

Энэ талаар өчигдөр Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны төлөөлөгч мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр хэлэхдээ, дотоод болон гадаадад, тэр дундаа АНУ-ын сонгуулийн үеэр аюулгүй байдлын нөхцөл байдалд анхаарал хандуулах үүднээс Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин байнга тандалт явуулж, Умард Солонгосын явуулж болзошгүй өдөөн хатгалгыг няцаахаар бэлтгэж байна гэлээ.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний өөр нэгэн эх сурвалжийн ярьснаар, Умард Солонгост пуужин хөөргөх зөөврийн төхөөрөмжийг шилжүүлэн байрлуулсан гэх мэдээлэл ирсэн ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ