Концесс, векселийн гэрээгээр хийсэн ажлуудын дүгнэлтийг УИХ-аар сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах тухай болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл дээр байр сууриа нэгтгэжээ.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Векселиэр бичигдсэн 600 орчим тэрбум төгрөг, концессийн 1.6 орчим их наяд төгрөгийн гэрээ байгуулагдсан байна. Концесс, векселийн гэрээгээр хийсэн ажлууд хуульд хэр нийцсэн эсэх асуудлаар ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг энэ сардаа багтаан УИХ-д танилцуулах үүргийг Засгийн газарт өгсөн” гэв.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан аж. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд тэрбээр, "Ер нь эдийн засгийн хүндрэлээс гарахад дан ганц мөнгөний бодлогын орчинд өөрчлөлт хийгээд нэмэргүй. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого хүчин мөхөсдөнө. Тийм учраас 2017, 2018, 2019 оны дунд хугацаанд Төв банкны бодлогыг төсвийн бодлоготой маш сайн уялдуулж байж хямралаас хохирол багатай гарна" гэв. Сүүлийн жилүүдэд үүссэн Монголбанкны алдагдал нь төв банк эрхлэх ёсгүй үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, бусдад давуу тал үүсгэсэн, төсөвтэй адилтгах санхүүжилтийг хийсэнтэй шууд холбоотойг ажлын хэсгийнхэн онцлолоо.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд санал дүгнэлт боловсруулах бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллажээ. Ажлын хэсгийн ахлагч Б.Бөттөмөр, “Үндсэн чиглэлд тусгасан 104 бодлогын үйл ажиллагаанд нийт 5.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн. Үүнээс 6.1 хувь буюу 327.6 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр, 15.4 хувь буюу 825.2 тэрбум төгрөгийг гадаад эх үүсвэрээс, 76.5 хувь буюу 4.1 их наяд төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар, 2.0 хувь буюу 104 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн” гэв. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн голлох зорилт арга хэмжээг авч үзвэл, уул уурхай, томоохон төслүүдийг эрчимжүүлж ДНБ-ийг 3.0 хувь өсгөх, ажилгүйдлийн төвшинг 9.0 хувиас ихгүй байлгах, инфляцийн төвшинг 6.5 хувиас ихгүй байлгах, гадаад валютын албан нөөцийг таван сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд хүргэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг зорилт арга хэмжээг тусгажээ.
Тус бүлэг ханиад томууны дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын цаг үеийн мэдээллийг сонссон байна.
Б.Туул